Б.Чимид: Хар ухаан, муйхар дайралтаар Үндсэн хуулиа сүйтгэчих вий

2023-01-13  

Монгол Улсын гавьяат хуульч, Үндсэн хуулийн “эх баригч” Б.Чимид агсны амьд ахуйдаа Үндсэн хуулийн заалт бүрийг хэрхэн ойлгох, яаж хамгаалах талаар хэлж байсан онцлох эшлэлүүдээс хүргэж байна. Тэрээр Цэцийн маргаанаас үүдэлтэй өнөөдрийн үйл явдлыг харсан мэтээр шууд сонгох эрх, улсаараа сонгуулийн нэг тойрог бүхий тогтолцоотой байвал юунд хүрч болох, Цэцийн дээр хөх тэнгэр биш, Үндсэн хууль нь байх ёстой талаар ингэж хэлж байжээ.

  • Монгол Улс парламентын бүгд найрамдах улс байна гэдгийг ард түмний санал асуулгаар 900 мянган хүний олонхийн саналаар шийдэж 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Ард түмний энэ шийдлийг ямар нэгэн улс төрийн нам, улс төрийн зүтгэлтний хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрэв тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно.
  • УИХ бол ард түмний мэдэлд байгаа засгийн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрхийг барих дээд байгууллага
  • Төрийн эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол парламентаа байгуулж байгаа, өөртөө засах байгууллагаа байгуулж байгаа, түүнийгээ шатгүйгээр хянаж байгаа. Төрийн хэрэгт шууд ардчиллын замаар оролцож байгаа энэ утгаар хэлж байгаа юм.
  • Төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь ард түмний өмнөөс засгийн нэгдмэл байдлыг хангах, өөрөөр хэлбэл төрийн бодлого, зарчмыг эцсийн дүнд гагцхүү УИХ тодорхойлно.
  • Парламент улсыг хуулиар удирдана, хуулийг парламент батална гэж байгаа болохоор улс төрийн янз бүрийн программ биш хууль улсыг авч явна .
  • Хуулийг элдвээр гуйвуулаад байгаа улстөрчид, улс төрийн хүчнүүдийн бусармаг, балмад явдлыг Үндсэн хуулийн хямрал гэхгүй.
  • Хямралын цаад эх нь Үндсэн хуульд хийсэн 2000 оны өөрчлөлт юм шүү.
  • Хийж байж ярьсан нь дээр байна. Ярьж байж байгаад хийвэл бүтээл муутай.
  • Гэм нь хуульдаа биш хүндээ.
  • Тагнуулын байгууллагын хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийг хамгаалах явдал байдаг юм шүү.
  • Хуульд үг нь байтугай таслал нь утгатай байдаг юм.
  • Хуульд нэмэлт оруулна гэдэг бол байгаа юмыг тодруулдаг болохоос, байхгүй юмыг нэмдэггүй.
  • Хугацаа тулгаж хуулийг өөрчилбөл осолд орж мэднэ .
  • Өнөөдөр хуулийг их сургуулийн профессор хийгээд бакалаврууд нь хянаад, малын эмч, багш сэтгүүлч нар (УИХ-ын гишүүд) батлаад гаргаж байна. Өөрөөр хэлбэл, анх төрсөн хүүхэд эмнэлгээс гаргаж авахад өөр хүүхэд болчихоод байна гэсэн үг.
  • Үндсэн хууль гэдэг гудамжны хөдөлгөөн зохицуулдаг дүрэм биш, улсын үндсийг бататгасан тулгуур хууль юм үү. Үндсэн хуулиараа их оролдвол ардчиллын зарчмаас ухарч дээр нь барьж байгаа хэврэгхэн барилгууд чинь нурна шүү.
  • Ерөнхийлөгч бол улстөрийн хүчнүүдийг татах төв нь юм.
  • УИХ-ын гишүүдэд жам ёсны хууль батлах ёстойг нь зориуд энд хэлмээр байна. Кноп дарахынхаа өмнө энэ хууль үнэхээр иргэн хүний өнөө болон алс ирээдүйн амьдралын ашиг тусыг тусгаж чадаж байна уу, үгүй юү гэдгийг бодолцож байх ёстой.
  • Өөрийгөө бодож өнөөдрийг аргацаах биш ирээдүйг бодож алсыг харж ажиллах нь ухаалаг удирдлагын шинж.
  • Яагаад бусармаг асуудлыг амархан шийдээд байна гэхээр олонхи, цөөнх, эрх мэдэл хуваарилах зарчим алга болсонтой холбоотой.
  • Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албан эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм.
  • Төрийг хууль гацаадаггүй, харин хуулийг хүн гацаадаг.
  • Хууль, шүүх хоёр цэвэр байх юм бол нийгмийн авлига нэг зүгт шуударна .
  • Засгийн газрын улс төр, эрх зүйн үйл ажиллагааны тэргүүн шугам нь Үндсэн хуулийг хамгаалан, биелэлтийг хангах явдал билээ.
  • Үндсэн хууль түүний аюулгүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын өндөр төвшинд авч үзэхийг ойлгоогүй буюу үгүйсгэн цэцэрхэгчдийн дуу цухалзах болжээ. Сонгууль дөхөхөөр ч тэр юм уу?
  • Намуудын өөрийнх нь баримталж байгаа байр суурь, хэм хэмжээ нь гишүүдийг намын дуулгавартай зарц болгоод байна .
  • Уг нь намууд парламент дээр үзэл бодлоо уралдуулж, эцсийн дүндээ иргэний байр сууринаас шийдвэр гаргах ёстой.
  • Намын бүлгийн шийдвэрийг гишүүн биелүүлнэ, намын бүлэг нь намынхаа төв байгууллагын шийдвэрийг биелүүлнэ гээд журамлачихаар үнэн хэрэг дээрээ нам шийдвэр гаргаж УИХ түүнийг нь ёсчилж, Төрийн ордон бол намын шийдвэрийг шивж, гарын үсэг зурдаг л газар болж хувирна.
  • Үндсэн хуулийг үг дуугүй биелүүлнэ гэж дээр нь гараа тавиад тангараг өргөсөн Ерөнхийлөгч ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа хамгаалж байх ёстой.
  • Үндсэн хуулийн байгууллагыг хамгаална гэдэг бол албан газрын эд хогшил манахтай адилгүй.
  • Хууль дээдэлдэг юм бол түүний чинь дээд талд Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс гэж байдаг. Шүтнэ гэдэг нь мухар сүсэг биш.
  • Миний санааг зовоодог ганцхан зүйл бий. Зориуд хэлье. Хар ухаан, муйхар дайралтаар Үндсэн хуулиа сүйтгэчих вий. Хүн тарьсан модоо сайхан арчилж ургуулах хэрэгтэй.
  • Сонгууль бол зайлшгүй, тогтмол, цаг үеэ олсон чөлөөтэй өрсөлдөөн бөгөөд ард түмэн засгийн эрхэнд шууд оролцож, төлөөлүүлэн хэрэгжүүлэх хууль ёсны гол арга мөн. Төр нь төрт ёсны орчин үеийн загварын бүрэлдэхүүн хэсэг болсон ардчилсан төлөөлөх байгууллагыг төлөвшүүлэх зүй зохистой хүчтэй хэрэглүүр болно.
  • Сонгуулийн булхайг Үндсэн хуулиар хаацайлж болохгүй.
  • Сонгуулийн тогтолцоо, үйл явцыг танин мэдэж Үндсэн хуулийн хүрээнд зөв хуульчлан зохицуулж болдог юм.
  • Сонгуулийн луйвар гэдэг бол шударга сонгууль, түүний эрх зүй, ёс суртахууны үндсийг санаатайгаар эвдэн бусниулах замаар засгийн эрх мэдлийг авахын төлөө зохион байгуулалттай гэмт хэрэг мөн.
  • Монголоо арлын жижигхэн орон шиг ганц тойрог болгож улсаараа наадаж болохгүй
  • Улс нэг тойрог гэдэг угтаа парламентад иргэдийн төлөөллийг устгаж буй хэрэг мөн.
  • Үндсэн хуулийн цэцийн дээр нэг л юм бий. Энэ нь хөх тэнгэр биш, Үндсэн хууль өөрөө юм.
  • Үндсэн хууль бол тогтворжсон нийгмийг бататгасан биш харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм.
  • Үндсэн хууль чинь замын хөдөлгөөний дүрэм шиг явах, зогсохыг журамласан хууль биш.
  • Даргын толгойд юу орсноор дүрмээ хийж болохгүй. Төрийн хүний толгой, хөл нь нэг судсаар холбогддог.
  • Зөв хууль гаргадаг УИХ, Сайн гүйцэтгэдэг Засгийн газар, Шударгаар хамгаалдаг Шүүх байж сая хууль биелнэ .
  • УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь түүнийг юунаас ч “хир халдаахааргүй” онголж дархалсан “улаан номын амьтан” болгох хэрэг огтоос биш болой. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү